Оршил



“Боловсролын салбарын шинэчлэл” төслийн хүрээнд сургалтанд МХТ-ийг нэвтрүүлэх, сургалтын цахим хэрэглэгдэхүүн (СЦХ) монгол хэл дээр боловсруулах, “Багшийн хөгжил” портал сайтыг АХБ-ны санхүүжилтээр хийж бэлэн болгож байна.

Энэ нь Монгол улсын Засгийн газар, БШУЯамны “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Багшийн хөгжил”, “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” зэрэг хөтөлбөрүүдийн үндсэн стратеги болох хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тийм арга технологийг түгээн дэлгэрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх боловсролын бодлого үйл ажиллагаатай уялдаж байна.

Монгол улсын ЗГ-ын боловсролын шинэчлэлийн хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий боловсролын шинэчлэлийн хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах, сургалтын аргазүй технологийн түгээх, сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг түгээх шинэлэг арга замын нэг нь БАГШИЙН ХӨГЖИЛ портал сайт болно гэж үзэж байна.

“Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай, өөртөө итгэлтэй, үндэсний уламжлал, соёл заншлаа дээдэлдэг, сурах хүсэл тэмүүлэлтэй, эрдэм боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд багшийн оролцоо дэмжлэг чухал билээ.” /Багшийн хөтөлбөр. УБ. 2012/ гэж иргэний төлөвшилд багшийн оролцоог тодорхойлсон. Тиймээс манай ЕБ-ын багш нарт өөрсдийн бий болгосон шинэ арга зүй, технологи болон өмнө нь бий болсон арга технологийг түгээх, дамжуулах зэрэгт идэвхтэй оролцож багш бүр мэдээлэгч, бас суралцагч байх боломжийг бүрдүүлж өгөх, зохицуулалт хийх, дэмжих тийм хэрэгсэл хэрэгтэй байна.

Багшийн хөгжил портал сайтыг боловсролын шилдэг арга, технологийг түгээхэд е-сургалт, мультмедиад суурилсан сургалтын материал, онлайн сургалт, сургалтын хөтөлбөрийн холимог болон уян хатан хувилбар зэрэг төрөл бүрийн сургалтын арга, хэрэгслүүдийг өргөн  ашиглах боломжтой байхаар төлөвлөж хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүний үндэслэл нь багшийн хөгжил хөтөлбөрт дараах байдлаар туссан.

Багшийг хөгжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг нь  “Мэдээлэл, харилцааны технологийг ашиглах” /Багшийн хөгжил хөтөлбөр. УБ.,2012. Х.7/,  “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багшийн мэргэжил ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, модуль, мэдээллийн болон хэрэглэгдэхүүний сан бий болгох” /Багшийн хөгжил хөтөлбөр. УБ., 2012. Х.9/, “харилцан мэдээлэл, туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулах замаар багш хамтдаа хөгжүүлэх боломж бүрдүүлэх, ...багшийн хөгжлийн төвүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, ...цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын шинэлэг арга, тэргүүн туршлагаар дэмжих”  /Багшийн хөгжил хөтөлбөр. УБ.,2012. Х.11/ юм. 

Хүүхэд ба багшийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь  “Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, иргэд,  гадаадын хандивлагч, сонирхогч бүх талын дэмжлэгт түшиглэх” /Багшийн хөгжил хөтөлбөр. УБ.,2012. Х.7/ болно.

Энэ бүхнээс үзэхэд арга зүй, технологийн сан бий болгох, бий болгосон нөөцийг түгээх замаар хүүхэд ба багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой хангах ажил нь Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан байгуулах, түүний бүрдэл хэсэг, санг хөгжүүлэх суурь болгож “Багшийн хөгжил” портал сайтыг бодлого, үйл ажиллагаа хөтөлбөртэй нягт уялдуулан хөгжүүлэх хэрэгцээ тулгарч байгаа юм.


Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
Боловсролын Салбарын Шинэчлэл Төсөл

Улаанбаатар хот 2013 он