ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтанд зөвлөмж өгөх цахим хуудас ажиллаж эхэллээ.



    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн санаачилгаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд зориулсан онлайн зөвлөмжийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Энэхүү цахим хуудсаар дамжуулан багш нарт мэргэжлийн онол, арга зүйн зөвлөмж, мэдээллийг онлайн хэлбэрээр хүргэх, багш нар харилцан туршлага солилцох, аливаа асуудлын шийдлийг олох зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлэх, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчдэд хандсан асуулт, санал, хүсэлтээ ирүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа өрнүүлэх талбар болгон хөгжүүлэхийг зорьж байна.

    Энэхүү ажлын эхлэл болгон “Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, шинэчилсэн хөтөлбөрөөр сурах бичиггүй, суралцахуйн удирдамжтай хичээллэж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор судлагдахуун бүрээр зөвлөмж бэлтгэн онлайн хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажлыг bagsh.itpd.mn цахим хуудсаар дамжуулан хүргэж эхэллээ.

    Тус цахим хуудаст сар бүрийн эхний 7 хоногт 12 судлагдахуун тус бүрээр зөвлөмжийг шинэчлэн байршуулж байх төдийгүй багш нарын асуулт, санал, зөвлөмжийг хүлээн авах, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр онлайн, зайны сургалтын хэлбэрээр үйл ажиллагааг зохион байгуулж байна.

    Иймд ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтныг bagsh.itpd.mn цахим хуудаст хандан бидэнтэй хамтран ажиллахыг урья.


    11/11/2016 5:20:26 PM